Psychology 22 June 2026

“Counselling” гэж юу вэ? Бид яагаад сэтгэл зүйн зөвлөгөө авдаг вэ?

Сэтгэл зүйн боловсрол

Сайн байцгаана уу?

Өнөөдөр та бүхэнтэй сэтгэл зүйн зөвлөгөө (Counselling) гэж юу болох, хүмүүс ямар үед энэхүү үйлчилгээг сонгодог талаар энгийнээр ярилцъя.

Бид амьдралынхаа туршид найз нөхөд, гэр бүл, хамт олон, заримдаа бүр танихгүй хүнээс ч зөвлөгөө авах үе байдаг. Харин сэтгэл зүйн зөвлөгөө (Counselling) нь эдгээрээс юугаараа ялгаатай вэ?

Counselling гэж юу вэ?

Сэтгэл зүйн зөвлөгөө (Counselling) нь харилцан ярианд суурилсан, хувь хүнийг өөрийгөө ойлгох, сэтгэл хөдлөлөө зохицуулах, амьдралын бэрхшээлээ даван туулахад нь дэмжлэг үзүүлдэг мэргэжлийн сэтгэл зүйн үйлчилгээ юм.

Энэ үйл явцад сэтгэл зүйч таныг шүүмжлэлгүйгээр сонсож, таны бодол, мэдрэмж, зан үйл болон амьдралын нөхцөл байдлыг хамтдаа судалж, асуудлаа илүү ойлгох, өөрийн нөөц боломжоо олж харах, өөрт тохирсон шийдвэр гаргахад тань дэмжлэг үзүүлдэг.

Өөрөөр хэлбэл, сэтгэл зүйч таны асуудлыг таны өмнөөс шийдэхгүй. Харин та өөрөө асуудлаа ойлгож, өөрт тохирсон шийдвэр гаргахад тань хамтран ажилладаг.

Олон хүн “зөвлөгөө” гэсэн үгийг сонсоод сэтгэл зүйч нь:

  • “Ингэ.”
  • “Тэг.”
  • “Энэ хүнээс сал.”
  • “Энэ ажлаа орхи.”

гэж шууд хэлнэ гэж төсөөлдөг.

Гэвч бодит сэтгэл зүйн зөвлөгөө тийм биш.

Сэтгэл зүйч:

  • Таны өмнөөс шийдвэр гаргахгүй.
  • Таныг шүүмжлэхгүй, буруутгахгүй.
  • Өөрийн үзэл бодлоо тулгахгүй.
  • Таны оронд асуудлыг “засах” гэж оролдохгүй.

Харин таныг өөрийн бодол, мэдрэмж, үнэт зүйл, сонголтоо илүү тодорхой ойлгоход чиглэсэн асуултууд тавьж, аюулгүй, итгэлцэлтэй орчныг бүрдүүлдэг.

Энгийнээр хэлбэл, сэтгэл зүйч танд бэлэн хариулт өгдөггүй. Харин өөрийн хариултыг өөрөө олж, өөрт тохирсон шийдвэр гаргахад тань дэмжлэг үзүүлдэг.

Хэзээ сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгтэй вэ?

Сэтгэл зүйн зөвлөгөө авахын тулд заавал сэтгэцийн эмгэгтэй байх шаардлагагүй.

Дараах нөхцөлүүдийн аль нэг нь танд илэрч байвал сэтгэл зүйн дэмжлэг хэрэг болж болно.

  • Удаан үргэлжилсэн стресс, түгшүүр, уур бухимдал
  • Нойрны асуудал эсвэл сэтгэл санааны тогтворгүй байдал
  • Салалт, хагацал, ажлын өөрчлөлт зэрэг амьдралын томоохон шилжилт
  • Харилцааны хүндрэл
  • Карьер, боловсрол эсвэл хувийн амьдралтай холбоотой шийдвэр гаргах эргэлзээ
  • Өөрийгөө илүү таньж мэдэх, сэтгэл хөдлөлөө зохицуулах хүсэл
  • Өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжээ хөгжүүлэх хэрэгцээ

Сэтгэл зүйч, сэтгэцийн эмч ямар ялгаатай вэ?

Эдгээр мэргэжлийг хүмүүс ихэвчлэн хольж андуурдаг.

Сэтгэл зүйч (Psychologist) нь хүний сэтгэл зүй, зан үйл, сэтгэл хөдлөлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, сэтгэл зүйн үнэлгээ хийх, сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх болон мэргэжлийн чиглэлээсээ хамааран сэтгэл заслын аргуудыг ашиглан ажилладаг.

Сэтгэцийн эмч (Psychiatrist) нь анагаахын эмч бөгөөд сэтгэцийн эмгэгийг оношлох, эмийн эмчилгээ хийх эрхтэй мэргэжилтэн юм.

Хэдийгээр эдгээр мэргэжил өөр өөр чиглэлээр ажилладаг ч бүгд хүний сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих нийтлэг зорилготой.

Анхны уулзалтаас юу хүлээх вэ?

Анхны уулзалтаар сэтгэл зүйч таныг илүү таньж мэдэх, ямар асуудлаар ирсэн, ямар зорилготой байгааг тань сонсож ярилцана.

Мөн нууцлал, хамтын ажиллагааны зарчим, уулзалтын бүтэц зэрэг үндсэн мэдээллийг тайлбарлана.

Хамгийн чухал нь та өөрийгөө аюулгүй, сонсогдож, хүндлэгдэж байгаа мэт мэдрэх явдал юм. Итгэлцэл бий болох нь сэтгэл зүйн зөвлөгөөний үр дүнд чухал нөлөөтэй.

Эцэст нь

Сэтгэл зүйн зөвлөгөө авах нь сул дорой байдлын илрэл биш.

Харин өөрийгөө ойлгох, сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах, амьдралын чанараа сайжруулахын төлөө хийж буй ухамсартай алхам юм.

Зарим асуудлыг бид ганцаараа даван туулж чаддаг. Харин зарим үед мэргэжлийн хүний дэмжлэг авах нь илүү үр дүнтэй байдаг.

Тусламж хүсэх нь сул дорой байдал биш. Харин өөрийгөө ойлгож, өөртөө анхаарал тавих зоригтой бөгөөд ухамсартай алхам юм.

Эхлэхэд бэлэн үү?

Та ганцаараа бүхнийг туулах албагүй. Өөрийн бодол мэдрэмжээ аюулгүй, нээлттэй орчинд ярилцахыг хүсвэл зөвлөгөөний цаг аваарай.

Холбоо барих

Mind Mend — calm, considered support
← Back to all posts 22 June 2026
🆘 Crisis: JP Ambulance 119 · Police 110 · Mongolia: 102 · befrienders.org