Ээнэгшлийг ойлгох нь
Understanding Attachment Styles
Бид бусадтай хэрхэн холбоо тогтоодог, мөн илүү эрүүл харилцааг хэрхэн бүтээж болох тухай товч гарын авлага
Ээнэгшил (attachment) гэдэг нь хүүхэд төрсөн цагаасаа эхлэн өөрийг нь халамжилдаг хүнтэйгээ, ихэвчлэн эцэг эх эсвэл асран хамгаалагчтайгаа, үүсгэдэг сэтгэлийн гүн холбоо юм. Энэхүү холбоо нь бид өөрийгөө болон бусдыг хэрхэн хүлээж авдаг, харилцаанд хэр аюулгүй мэдэрдэг, насанд хүрсэн хойноо бусадтай хэрхэн дотносдогт чухал нөлөө үзүүлдэг.
Нярай хүүхэд өөрийгөө халамжилж чаддаггүй учраас хооллох, тайвшруулах, хамгаалах зэрэг бүхий л хэрэгцээгээ том хүнээр хангуулдаг. Иймээс хүүхдийн тархи “Намайг хэрэгтэй үед хэн нэгэн ирэх болов уу?”, “Айж, уйлах үед минь тайвшруулах болов уу?”, “Бусдад итгэж болох уу?” гэсэн асуултын хариуг өдөр бүрийн туршлагаараа аажмаар сурч эхэлдэг.
Ийм туршлага олон дахин давтагдсаар хүүхэд өөрийгөө болон бусдыг харилцаанд хэрхэн ойлгох тухай дотоод төсөөлөл буюу ээнэгшлийн хэв маяг бүрэлддэг. Энэ нь бид өөрийгөө хайрлуулах үнэ цэнтэй гэж мэдэрдэг эсэх, бусдад хэр итгэдэг, ойр дотно харилцаанд хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг зэрэгт насанд хүрсэн хойно ч нөлөөлсөөр байдаг.
Жишээлбэл, дараах нөхцөл байдалд ээнэгшлийн хэв маяг нөлөөлж болно:
- Хэнд татагдах, ямар хүнтэй харилцаа үүсгэх
- Маргаан, үл ойлголцлыг хэрхэн даван туулах
- Хамтрагч тань хөндийрөх үед юу мэдэрч, хэрхэн хариу үйлдэл үзүүлэх
- Ойр дотно харилцаанд өөрийгөө хэр аюулгүй мэдрэх
Энэ гарын авлагад ээнэгшлийн дөрвөн үндсэн хэлбэрийг танилцуулах болно. Та нэг хэв маягтай илүү төстэй санагдаж болох ч хэд хэдэн хэв шинж зэрэг илрэх нь хэвийн үзэгдэл юм.
Санахад илүүдэхгүй хэдэн зүйл
- Ээнэгшлийн хэв маяг бол хүнийг тодорхойлдог шошго эсвэл насан турш өөрчлөгдөхгүй зүйл биш. Энэ нь цаг хугацаа, туршлага, ухамсар болон аюулгүй харилцааны нөлөөгөөр өөрчлөгдөж болдог.
- Түгшүүртэй эсвэл зайлсхийх хэлбэрийн ээнэгшилтэй байна гэдэг нь танд ямар нэгэн буруу зүйл байна гэсэн үг биш. Харин хүүхэд насандаа өөрийгөө хамгаалах, дасан зохицохын тулд сурсан арга барилын нэг юм.
- Өөрийгөө илүү сайн ойлгож, эрүүл харилцааг туршиж, шаардлагатай үед сэтгэлзүйн мэргэжлийн дэмжлэг авснаар хүн аажмаар илүү аюулгүй ээнэгшлийн хэв маяг руу шилжих боломжтой.
- Энэхүү гарын авлагын зорилго нь таныг оношлох биш, харин өөрийгөө болон харилцааны хэв маягаа илүү сайн ойлгоход туслах юм.
2. Ээнэгшлийн дөрвөн хэлбэр
Аль нэг хэв маягийг сонгож, шууд тэр хэсэг рүү үсрэхийг хүсвэл доорхи картуудаас сонгоно уу.
Аюулгүй ээнэгшил
Ойр дотно харилцаанд өөрийгөө аюулгүй мэдэрч, бусадтай дотно байх болон бие даасан байх хоёрын хооронд тэнцвэрээ хадгалж чаддаг хэв маяг.
Хэрхэн бүрэлддэг вэ?
Хүүхэд насанд хэрэгцээ гарсан үед нь тогтмол анхаарч, халамжилдаг асран хамгаалагчтай өссөн хүмүүсийн дунд түгээмэл ажиглагддаг. Эцэг эх төгс байх албагүй. Харин хүүхдийн хэрэгцээг ойлгож, тогтвортой хариу үзүүлдэг байх нь хангалттай.
Ингэснээр хүүхэд суурь итгэл үнэмшлийг төлөвшүүлдэг:
“Би хүмүүст итгэж болно. Би хайр, халамж хүртэх үнэ цэнтэй хүн.”
Түгээмэл бодол
- “Маргаан гарсан ч бид ярилцаад шийдэж чадна.”
- “Би ч, миний хамтрагч ч хайр, хүндлэлийг хүртэх үнэ цэнтэй.”
Түгээмэл мэдрэмж
- Харилцаандаа ерөнхийдөө тайван, тогтвортой байдаг.
- Маргаан, үл ойлголцлын үед бухимдаж болох ч удалгүй тайвширч чаддаг.
Түгээмэл зан үйл
- Хэрэгцээ, мэдрэмжээ нээлттэй илэрхийлдэг.
- Ойр дотно байхаас эмээдэггүй.
- Хамтрагч нь хувийн орон зай хэрэгтэй гэж илэрхийлсэн үед түгшиж сандардаггүй.
Жишээ
Аюулгүй ээнэгшилтэй хүн: “Завгүй байгаа байх. Дараа нь холбогдох байлгүй.” гэж бодоод өдөр тутмын ажлаа үргэлжлүүлдэг.
Түгшүүртэй ээнэгшил
Ойр дотно харилцааг маш их хүсдэг ч орхигдох, хамтрагч нь өөрт нь сэтгэлгүй болохоос байнга эмээдэг хэв маяг.
Хэрхэн бүрэлддэг вэ?
Хүүхэд насандаа зарим үед халамж авч, зарим үед үл тоомсорлогддог, эсвэл асран хамгаалагчийн хандлага тогтворгүй байсан үед ийм хэв маяг үүсэх нь элбэг.
Үүний үр дүнд хүүхэд ийм ойлголттой болох магадлалтай:
“Хайр халамжаа алдахгүйн тулд үргэлж хичээх хэрэгтэй.”
Түгээмэл бодол
- “Надаас хөндийрөөд байгаа юм биш биз?”
- “Би буруу зүйл хийчихэв үү?”
- “Намайг одоо ч хайрладаг болов уу?”
- “Илүү их хичээвэл намайг орхихгүй байх.”
Түгээмэл мэдрэмж
- Түгшүүр
- Хардалт
- Орхигдохоос айх
- Баталгаа авсны дараа түр тайвшрах
Түгээмэл зан үйл
- Хайрлаж буйгаа илэрхийлэх үг, үйлдлийг ойр ойрхон хүсэх
- Байнга холбоо барих хүсэл төрөх
- Ганцаараа байх хэцүү санагдах
- Хурдан дасаж, дотносох
Жишээ
“Ямар нэгэн юм болсон болов уу? Би буруу зүйл хэлчихэв үү?” гэж бодож, дахин зурвас бичих эсвэл бүх зүйл хэвийн эсэхийг лавламаар санагдаж болно.
Зайлсхийх ээнэгшил
Бие даасан байдлаа хамгийн их эрхэмлэж, хэт ойр дотно болох үед тавгүй мэдрэмж төрдөг хэв маяг.
Ихэвчлэн хэрхэн бүрэлддэг вэ?
Хүүхдийн сэтгэл хөдлөлийг үл тоомсорлодог, эсвэл мэдрэмжээ илэрхийлэхийг дэмждэггүй орчинд өссөн хүмүүсийн дунд илүү түгээмэл ажиглагддаг.
Ингэснээр хүүхэд ийм итгэл үнэмшилтэй болж өсөх магадлалтай:
“Бусдаас илүү өөртөө л найдаж болно.”
Түгээмэл бодол
- “Би асуудлаа өөрөө шийднэ.”
- “Надад бусдын тусламж хэрэггүй.”
- “Надаас хэтэрхий их зүйл хүсээд байна.”
- “Хэт ойртохоор давчуу санагддаг.”
Түгээмэл мэдрэмж
- Эмзэг мэдрэмжээ ил гаргахад тухгүй байх
- Ганцаараа байх хэрэгцээ их мэдрэгдэх
- Сэтгэл хөдлөлийн гүн ярианаас зайлсхийх хүсэл төрөх
Түгээмэл зан үйл
- Сэтгэлээ бүрэн нээхээс зайлсхийх
- Бие даасан байдлаа хамгаалах
- Хамтрагч нь хэт ойртох үед зай барих
- Тусламж хүсэхээс илүү өөрөө шийдэхийг эрмэлзэх
Жишээ
Зайлсхийх ээнэгшилтэй хүн тухайн үедээ ярихаас илүү хэсэг хугацаанд ганцаараа байж, бодлоо цэгцлээд дараа нь ярилцахыг хүсэж магадгүй.
Замбараагүй ээнэгшил
Бусадтай ойр байхыг хүсдэг хэрнээ ойртвол шархална гэсэн айдас зэрэг оршдог хэв маяг.
Хэрхэн бүрэлддэг вэ?
Хүүхэд насандаа нэг хүнийг тайвшралын эх үүсвэр, мөн айдас төрүүлэгч хүн гэж зэрэг мэдэрч өссөн үед үүсэх нь түгээмэл. Жишээлбэл, зарим үед маш халамжтай атлаа зарим үед ширүүн, айдас төрүүлэм эсвэл огт байхгүй байх зэрэг тогтворгүй орчин.
Түгээмэл бодол
- “Чамтай ойр дотно болмоор байна, гэхдээ би чамд итгэж чадахгүй байна.”
- “Хэрэв би сэтгэлээ нээвэл намайг шархлуулах болов уу?”
- “Ойртох уу, холдох уу?”
Түгээмэл мэдрэмж
- Эргэлзээ
- Айдас
- Дотно байх хүсэл
- Хүчтэй савлагаатай сэтгэл хөдлөл
Түгээмэл зан үйл
- Нэг бол ойртож, нэг бол зай барих
- Итгэхийг хүсдэг ч амархан итгэж чаддаггүй
- Заримдаа сэтгэл хөдлөлөө зохицуулахад хүндрэлтэй байх
Жишээ
Нэг талаар түүнд ойртмоор санагдах ч нөгөө талаар өөрийгөө хамгаалахын тулд зай барих хүсэл зэрэг төрж болно.
Бяцхан өөрийгөө таних тест
Та аль ээнэгшлийн хэв маягтай хамгийн ойр вэ?
Та нэгээс илүү хэв маягийн онцлогийг өөрөөсөө олж харах нь хэвийн зүйл. Учир нь хүний ээнэгшлийн хэв маяг үргэлж нэг хэлбэрээр илэрдэггүй бөгөөд амьдралын туршлага, тухайн харилцаа, хамтрагчаас шалтгаалан өөр өөр байдлаар илэрч болно.
Эдгээр асуултад яаралгүй, өөртөө үнэнчээр хариулж үзээрэй.
1Хамтрагч тань хэдэн цагийн турш зурваст хариу өгөхгүй бол та ихэвчлэн…
2Хэцүү үед бусдаас тусламж, дэмжлэг хүсэх нь танд…
3Хамтрагчтайгаа илүү ойр дотно болох үед танд…
4Хамтрагчтайгаа маргалдах үед та ихэвчлэн…
5Бусдад итгэх тал дээр та…
6Хамтрагч тань өөртөө цаг гаргах, хувийн орон зай хэрэгтэй гэж хэлбэл та…
7Хамтрагчдаа сэтгэлээ бүрэн нээх тухай бодоход…
8Стресстэй үед та ихэвчлэн…
Үр дүнг харахын тулд бүх асуултад хариулна уу.
Эдгээр асуултын зорилго нь таныг аль нэг хэв маягт “ангилах” биш юм. Харин өөрийн бодол, мэдрэмж, харилцаан дахь зан үйлээ илүү анзаарч, ойлгоход туслахад оршино. Ээнэгшлийн хэв маяг нь хатуу тогтсон зүйл биш бөгөөд өөрийгөө ойлгох, аюулгүй харилцааг мэдрэхийн хэрээр аажмаар өөрчлөгдөж болдог.
Аюулгүй ээнэгшил
Таны хариултууд аюулгүй ээнэгшлийн шинжийг хамгийн их илэрхийлж байна — ойр дотно харилцаа болон бие даасан байдлын хооронд тэнцвэрээ хадгалж чаддаг хэв маяг. Дэлгэрэнгүйг дээрх тайлбараас үзээрэй.
Дэлгэрэнгүй унших → Цаг захиалахТүгшүүртэй ээнэгшил
Таны хариултууд түгшүүртэй ээнэгшлийн шинжийг хамгийн их илэрхийлж байна — ойр дотно харилцааг маш их хүсдэг ч орхигдохоос эмээдэг хэв маяг. Дэлгэрэнгүйг дээрх тайлбараас үзээрэй.
Дэлгэрэнгүй унших → Цаг захиалахЗайлсхийх ээнэгшил
Таны хариултууд зайлсхийх ээнэгшлийн шинжийг хамгийн их илэрхийлж байна — бие даасан байдлаа хамгийн их эрхэмлэдэг хэв маяг. Дэлгэрэнгүйг дээрх тайлбараас үзээрэй.
Дэлгэрэнгүй унших → Цаг захиалахЗамбараагүй ээнэгшил
Таны хариултууд замбараагүй ээнэгшлийн шинжийг хамгийн их илэрхийлж байна — бусадтай ойр байхыг хүсдэг хэрнээ ойртвол шархална гэсэн айдас зэрэг оршдог хэв маяг. Дэлгэрэнгүйг дээрх тайлбараас үзээрэй.
Дэлгэрэнгүй унших → Цаг захиалахӨөрийн ээнэгшлийн хэв маягийн талаар илүү гүнзгий ярилцахыг хүсвэл
Цаг захиалах →