← Нүүр

Ээжүүдэд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө

Төрсний дараа бяцхан үрээ харж хайраар бялхахын хажуугаар гуниглах, ганцаардах, байнга санаа зовох, амархан уйлах, уурлаж бухимдах, өөртөө итгэхээ болих зэрэг олон янзын мэдрэмж төрж болно. Өөрийгөө сайн ээж болж чадахгүй мэт мэдэрч, өмнөх амьдралаа санах, заримдаа түнэр харанхуйд автагдсан мэт санагдах нь ч бий.

Нойр дутуу, ядарч туйлдсан үед таны хань таныг ойлгохгүй, хүүхдээ асрахад хангалттай тусламж авч чадахгүй байх нь найдваргүй мэдрэмж, гомдол, дургүйцэл хүргэнэ. Ялангуяа гадаадад, гэр бүл, ойр дотнын хүмүүсээсээ хол амьдардаг ээжүүдэд бүхнийг ганцаараа үүрэх нь олон хэцүү мэдрэмжийг дагуулдаг.

Энэ нь зөвхөн анхлан төрөгчдөд бус хоёр, гурав дахь хүүхдээ төрүүлсэн ээжүүдэд ч тохиолддог. Хүүхдээ хайрлах нь та өөрөө хүнд байдалд орж болохгүй гэсэн үг биш.

Шинэхэн ээжүүд ямар асуудлаар зөвлөгөө авдаг вэ?

  • Түгшилт, байнгын санаа зовнил: Хүүхдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд хэт их санаа зовж, тайвширч чадахгүй байх
  • Өөрийгөө буруутгах: Сайн ээж байж чадахгүй байгаа мэт санагдах, өөрийгөө байнга буруутгах
  • Өөрийгөө алдсан мэт мэдрэх: Өмнөх амьдрал, бие даасан байдал, ажил мэргэжил, өөрийн дүр төрхөө санах
  • Ганцаардал: Гэр бүл, ойр дотнын хүмүүсээсээ хол, гадаадад ганцаараа бүхнийг үүрч байгаа мэт санагдах
  • Хосын харилцааны хүндрэл: Хань тань таныг ойлгохгүй, дэмжихгүй байгаа мэт санагдах, гомдол хуримтлагдах
  • Уур бухимдал: Амархан уурлах, бухимдах, сэтгэл санаа тогтворгүй болох
  • Ядаргаа, нойрны хүндрэл: Байнга ядарч сульдах, унтах боломжтой үедээ ч нойр хүрэхгүй байх
  • Хүүхэдтэйгээ дотносоход хэцүү байх: Хүүхэдтэйгээ дотно холбоо тогтооход хэцүү санагдах, төсөөлж байсан мэдрэмж төрөхгүй байх

Төрсний дараах сэтгэл гутрал гэж юу вэ?

Хүүхэд төрсний дараа дааврын өөрчлөлт, нойр дутуу байх, ядарч сульдах, шинэ амьдралдаа дасах зэрэг олон шалтгаанаас болж сэтгэл санаа тогтворгүй болдог. Төрсний дараах эхний өдрүүдэд амархан уйлах, эмзэглэх, санаа зовох зэрэг нь түгээмэл зүйл.

Харин төрсний дараа 3-6 долоо хоногийн турш сэтгэлээр унах, түгших, цөхрөх зэрэг шинж тэмдэг үргэлжилж, улам хүндэрч, өдөр тутмын амьдралд нөлөөлж эхэлбэл төрсний дараах сэтгэл гутралын шинж байж болно.

Төрсний дараах сэтгэл гутралын үед дараах шинж тэмдгүүд илэрч болно.

  • Байнга гуниглах, амархан уйлах, сэтгэлээр унах
  • Өмнө нь дуртай байсан зүйлсдээ сонирхолгүй болох, юунаас ч баяр баясгалан мэдрэхгүй байх
  • Өөрийгөө байнга буруутгах, сайн ээж байж чадахгүй байгаа мэт санагдах
  • Хүүхдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд хэт их санаа зовж, тайвширч чадахгүй байх
  • Байнга ядарч сульдах, нойр хүрэхгүй байх, хоолны дуршил өөрчлөгдөх
  • Анхаарлаа төвлөрүүлэх, аливаа зүйлийг шийдэхэд хүндрэлтэй болох
  • Бусадтай уулзах, ярилцах хүсэлгүй болж, өөрийгөө тусгаарлах
  • Ирээдүйд итгэх итгэлээ алдах, цаашид бүх зүйл сайжрахгүй мэт санагдах
  • Амьдрах хүсэлгүй болох, өөрийгөө гэмтээх тухай бодол төрөх

Эдгээр шинж тэмдэг хүн бүрд адилхан илрэхгүй. Мөн төрсний дараах сэтгэл гутрал зөвхөн анхны хүүхдээ төрүүлсэн ээжүүдэд тохиолддоггүй.

Хэрэв сэтгэл санааны зовиур хоёр долоо хоногоос дээш үргэлжилж, эсвэл улам хүндэрч байвал эмч, сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэнд хандах нь зүйтэй. Зовиур хүнд байвал хоёр долоо хоног хүлээх шаардлагагүй.

Үнэ

1 уулзалт₮230,000
4 уулзалт₮828,00010% хөнгөлөлт
8 уулзалт₮1,600,0007 + 1 үнэгүй

Бусад төрлийн зөвлөгөө